Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооноос “Бид хэрхэн ажилладаг вэ” #LIVE -аа фэйсбүүк хуудсаараа дамжуулан тогтмол явуулж байна. Энэ удаад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг үйлчин эмэгтэйчүүдийн төлөөлөл болгож, Үндэсний тэргүүлэгч “MONLINE” спорт хувцасны брэндийн Завхан аймгийн салбарын захирал С.Гаравсүрэнг цувралынхаа наймдугаар дугаарт урьж оролцууллаа. Түүний хувьд хэрэглэгчдийн биенээс хэмжээ авч, үйлдвэрлэлээ явуулдаг салбараа 2015 оноос хойш удирдаж байгаа юм.
Тэрээр хэлэхдээ “Хэрвээ чанар муу байвал брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх учраас бүгд нэгдэж, хамгийн гол нь стандартын дагуу хариуцлагатай үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүний чанарт анхаарч” ажилладаг гэдгийг онцлов.
Иймээс Улаанбаатар хотынхоо төв болон бусад аймгуудхантайгаа 14 хоногт онлайн хурал хийж, туршлага болон санал, хүсэлтээ солилцдог. Мөн орон нутагт стандартын орчин нөхцөлд үйлдвэрлэл явуулахад хангалтай талбайтай байр олоход хүндрэлтэй байдаг. Бусдаар бол хүндрэлтэй асуудал ховор гэлээ.
Короновирусын цар тахлын нөлөөгөөр бизнесийн үйлдвэрлэлийн хувьд тодорхой хэмжээнд багассан боловч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “MONLINE” хамт олон өөрсдийн нөөц боломжийг ашиглаж, Улсын Онцгой Комиссод 20 сая төгрөгний хандив тусламж үзүүлсэн байна. Мөн салбарууд бүгд Аймгийнхаа Онцгой Комисст мянган маск хүлээлгэн өгчээ
Түүнчлэн 10 жилийнхээ ойг угтаж, орон нутаг болгонд сайн үйлсийн аянг эхлүүлж, бодит ажил хийж явна. Тухайлбал Завхан салбарын хувьд аймгийнхаа Нэгдсэн Эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн тасгийн 5 өрөөг тохижуулж, даваа гаригт хүлээлгэж өгнө. Энэхүү нийгмийн төлөө хэрэгжүүлж байгаа санал, санаачлалыг “MONLINE” спорт хувцас брэндийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал А.Чимэд-Очир байнга дэмжиж ажилладаг гэв. Энэ нь бусад аж ахуй нэгжүүдэд жишиг болохуйц зөв үлгэр дуурайлал болдог гэдгийг ярилцлагын төгсгөлд онцолж байлаа.
Лайв үзэх линк: https://www.facebook.com/oyodol.mn/videos/300641274291010/
Гэрэл зургийг: “MONLINE” спорт хувцас брэндийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал А.Чимэд-Очирын фэйсбүүк хуудаснаас ашиглав.