Мэдээ, мэдээлэл
                         

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны шагналын журмын төсөл

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны гуравдугаар их хурал 2022 оны 02-р сарын 26-нд Монголын үйлдвэрчиний соёлын төв ордоны хурлын зааланд зохион байгуулагдах гэж байна. 

ОСНМХ нь оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй ажилтануудаа урамшуулах, ажил хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах зорилгоор шагналтай болж байгаа бөгөөд шагналын журмыг AKP хууль зүйн фирмээр боловсрууллаа. 

Та бүхэн шагналын журмын төсөлтэй танилцаж санал хүсэлтээ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаяг руу илгээнэ үү. 

ОЁДЛЫН САЛБАРЫН НЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ ШАГНАЛЫН ЖУРАМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Журмын зорилт

1.1  Энэхүү журмын зорилт нь Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо /цаашид “ОСНМХ” гэнэ/-ны болон оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын  хөгжилд оруулсан хувь нэмэр, ажлын амжилтыг үнэлэн шилдэг тэргүүний гишүүн болон гишүүн байгууллагыг шагнаж урамшуулах, идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллах сонирхлыг төрүүлэхэд оршино.

1.2  Энэхүү журмаар ОСНМХ-ны шагнал бий болгох, шагналын төрөл, эрэмбийг тогтоох, олгох, ОСНМХ-ны шагналд тодорхойлох, тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулна.

2      дугаар зүйл. Журмын үйлчлэх хүрээ

2.1  Энэхүү журам нь ОСНМХ-ны шагналыг ОСНМХ-ны гишүүн болон гишүүн байгууллагуудад олгох, шагналд тодорхойлоход үйлчилнэ.

2.2  ОСНМХ-ны Удирдах зөвлөлөөс бусад ОСНМХ-ны бүтцийн байгууллага, нэгж, албан тушаалтан шагнал бий болгохыг хориглоно.

3      дугаар зүйл. Шагнал олгох, тодорхойлох, өргөн мэдүүлэхэд баримтлах зарчим

3.1  Хуульд өөрөөр заагаагүй бол ОСНМХ-ны шагналаар шагнахад дараах зарчмыг баримтална. Үүнд:

3.1.1      Гишүүдэд тэгш хандах;

3.1.2      Байгуулсан гавьяа зүтгэл, гаргасан амжилт, бүтээлд шагналын төрөл тохирсон байх;

3.1.3      Шагналын эрэмбийг баримтлах;

3.1.4      Нэг төрлийн шагналаар дахин шагнахгүй байх.

3.2  Онцгой идэвх зүтгэл, хүчин чармайлт гарган, эсхүл олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц гавьяа байгуулсан тохиолдолд энэ зүйлийн 3.1.3-т заасан зүйлийг баримтлахгүй байж болно.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ, УЛАМЖЛАХ

4      дүгээр зүйл. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар санал гаргах

4.1  ОСНМХ-ны гишүүнд Монгол Улсын цол хүртээх, төрийн одон, медалиар шагнуулах саналыг дор дурдсан этгээд ОСНМХ-ны Удирдах зөвлөлд гаргана. Үүнд:

4.1.1      ОСНМХ-ны Гүйцэтгэх захирал;

4.1.2      ОСНМХ-ны Ерөнхийлөгч

4.2  Энэ зүйлийн 3.1-т заасан санал гаргах эрх бүхий этгээд нь шагналд нэр дэвшигч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн №71 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-д заасан шаардлага хангасан тохиолдолд нэр дэвшүүлнэ.

4.3  Энэ зүйлийн 3.1-т заасан санал гаргах эрх бүхий этгээд нь шагналд нэр дэвшигчийн ажилдаа ямар санал санаачилга, ололт амжилт, бүтээл гаргасан, түүнийг хэрэгжүүлснээр улс, эх орны болон ОСНМХ-ны үйл ажиллагааны хөгжилд ямар ашиг тус, ахиц гарсныг баримтаар дурдан тусгаж, гишүүний гаргасан амжилтад тохирох цол, одон, медалийн нэрийг тодорхой заасан саналаа бичиж, баталгаажуулсан байна.

5      дугаар зүйл. Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнуулахаар уламжлах

5.1  ОСНМХ-ны Удирдах зөвлөл нь Монгол Улсын цол хүртээн, одон медалиар шагнуулахаар нэр дэвшсэн этгээдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн №71 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-д заасан шаардлагыг хангаж буй эсэхийг хэлэлцэнэ. Хэрэв тус журамд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд нэр дэвшигчийн материалыг буцаана.  

5.2  ОСНМХ-ны Удирдах зөвлөл Энэхүү журмын 3 дугаар зүйлийн 3.1-т заасан саналыг хуралдаанаараа хэлэлцээд, нэр дэвшигчид Монгол Улсын цол хүртээх, төрийн одон, медалиар шагнуулах болзол, шаардлагыг хангасан гэж үзвэл шагнал олгуулахаар эрх бүхий этгээдэд уламжлах эрхийг ОСНМХ-ны Ерөнхийлөгчид олгосон шийдвэр гаргана.

5.3  ОСНМХ-ны Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Монгол Улсын цол хүртээх, төрийн одон, медалиар шагнуулахаар уламжлах тухай албан бичигт нэр дэвшигчийн анкет, тодорхойлолт, Монгол Улсын цол хүртээх, төрийн одон, медалиар шагнуулахаар хэлэлцсэн ОСНМХ-ны Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр болон холбогдох материалуудыг хавсарган хүргүүлнэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ОЁДЛЫН САЛБАРЫН НЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ ШАГНАЛ, ТҮҮНИЙ ЗАГВАР

6    дүгээр зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны шагналын төрөл эрэмбэ

6.1  ОСНМХ-ны шагнал нь дор дурдсан төрөлтэй байна.

6.1.1      ОСНМХ-ны хүндэт медаль;

6.1.2      Мастер оёдолчин;

6.1.3      Мастер эсгүүрчин;

6.1.4      Оны шилдгүүд

  1. Шилдэг гишүүн;
  2. Шилдэг гишүүн байгууллага;
  3. Шилдэг брэнд
  4. Онцлох шинэ брэнд
  5. Ээлтэй ажил олгогч

6.1.5      Хүндэт өргөмжлөл;

6.1.6      Шинэ жилийн цэнгүүн зохион байгуулах удирдамжид заасан бусад шагнал.

7    дугаар зүйл Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны шагналын загвар

7.1  “ОСНМХ-ны хүндэт медаль”-д тухайн хувь хүн, байгууллагын ололт амжилт, идэвх санаачилга, ОСНМХ-нд оруулсан хувь нэмрийг алдаршуулан бичсэн байна.

7.2  “Мастер оёдолчин”, “Мастер эсгүүрчин”-д Мэргэжлийн зөвлөлийн хорооны шалгуур үзүүлэлтийг ханган, бусдыгаа манлайлан мастераар шалгарсан тухай алдаршуулан бичсэн байна.

7.3  “Шилдэг гишүүн”, “Шилдэг гишүүн байгууллага”-д тухайн онд ажил үйлс, идэвх санаачилгаараа тэргүүлсэн хувь хүн, байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын амжилт бүтээлээс нь товч дурдан бичсэн байна.

7.4  “Шилдэг брэнд”-д иргэд болон хамт олон, өөрийн ажиллаж буй салбартаа онцгойрч ялгаран шилдгээр тодорсон тухай алдаршуулан бичсэн байна.

7.5  “Онцлох шинэ брэнд”-д шинээр төрөн гарч ирж буй, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг талаар нь товч дурдан бичсэн байна.

7.6  “Ээлтэй ажил олгогч”-д ажилтанд хөдөлмөрийн болон эрүүл мэндийн таатай нөхцөл бүрдүүлэн ажиллах нөхцөлөөр хангасан тухай товч дурдан бичсэн байна.

7.7  “Хүндэт өргөмжлөл”-д ОСНМХ-нд оруулсан хувь нэмэр, хамтын ажиллагаа зэргийг алдаршуулан бичсэн байна.

7.8  “Хүндэт өргөмжлөл”, “Шилдэг гишүүн”, “Шилдэг гишүүн байгууллага”, “ОСНМХ-ны хүндэт медаль” шагнал нь ОСНМХ-ны Ерөнхийлөгчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан байна.

7.9  ОСНМХ-ны шагналын загварыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ОЁДЛЫН САЛБАРЫН НЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ ШАГНАЛ ОЛГОХ НӨХЦӨЛ

8 дүгээр зүйл. Шагнал олгох ерөнхий нөхцөл

8.1    Шагналд нэр дэвшигч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

8.1.1      Сахилгын шийтгэл хүлээгээгүй байх;

8.1.2      ОСНМХ-ны үнэт зүйлийг эрхэмлэн, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг байх;

8.1.3      ОСНМХ-ны гишүүн байх.

8.2    Энэхүү зүйлийн 8.1.3-т заасан нөхцөл нь “Хүндэт өргөмжлөл” шагналд хамаарахгүй болно.

9        дүгээр зүйл. Шагнал олгох тусгай нөхцөл

9.1    ОСНМХ-ны хүндэт медаль

9.1.1      “ОСНМХ-ны хүндэт медаль” нь ОСНМХ-ны үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцон, холбоог хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсны алдаршуулал болгон ОСНМХ-ны тэгш ойн жилүүдэд гишүүн хувь хүн болон байгууллагад олгох шагнал болно.

9.1.2      “ОСНМХ-ны хүндэт медаль”-ийг олгоход дараах шалгуурыг баримтална. Үүнд:

9.1.2.1   ОСНМХ-ны гишүүн нь хувь хүн байх тохиолдолд гишүүнээр элсээд гурван жил, байгууллага байх тохиолдолд гишүүнээр элсээд таван жил болсон байх;

9.1.2.2   Шагналд тодорхойлогдох үед ёс зүйн зөрчил болон гэмт хэрэгт шалгагдаагүй байх;

9.1.2.3   Гишүүний үүргийн зөрчилгүй байх;

9.1.2.4   Бусад.

9.2    Мастер оёдолчин

9.2.1    “Мастер оёдолчин” шагнал нь Мэргэжлийн зөвлөлийн хорооны үнэлгээ болон ажлын туршлагыг үндэслэн оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулан, үр бүтээлтэй ажилласан нэр хүндийн алдар болгон хувь хүнд олгох шагнал болно.

9.2.2    “Мастер оёдолчин” шагналыг олгоход дараах шалгуурыг баримтална. Үүнд:

9.2.2.1    ОСНМХ-ны гишүүн байх;

9.2.2.2    Мэргэжлийн зөвлөлийн хорооны үнэлгээгээр 4-өөс дээш үнэлгээ авсан байх;

9.2.2.3    Хоршоо, Нөхөрлөл, Хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хувьцаат компанийн зүгээс тус шагналд тодорхойлсон байх;

9.2.2.4    Мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан байх /Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тодорхойлно/;

9.2.2.5    Шагналд тодорхойлох үед ёс зүйн зөрчил болон гэмт хэрэгт шалгагдаагүй байх;

9.2.2.6    Гишүүний үүргийн зөрчилгүй байх;

9.2.2.7    Бусад.

9.3    Мастер эсгүүрчин

9.3.1    “Мастер эсгүүрчин” шагнал нь Мэргэжлийн зөвлөлийн хорооны үнэлгээ болон ажлын туршлагыг үндэслэн Оёдлын салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулан, үр бүтээлтэй ажилласан нэр хүндийн алдар болгон хувь хүнд олгох шагнал болно.

9.3.2    “Мастер эсгүүрчин” шагналыг олгоход дараах шалгуурыг баримтална. Үүнд:

9.3.2.1    ОСНМХ-ны гишүүн байх;

9.3.2.2    Мэргэжлийн зөвлөлийн хорооны үнэлгээгээр 4-өөс дээш үнэлгээ авсан байх;

9.3.2.3    Хоршоо, Нөхөрлөл, Хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хувьцаат компанийн зүгээс тус шагналд тодорхойлсон байх;

9.3.2.4    Мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан байх /Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тодорхойлно/;

9.3.2.5    Шагналд тодорхойлох үед ёс зүйн зөрчил болон гэмт хэрэгт шалгагдаагүй байх;

9.3.2.6    Гишүүний үүргийн зөрчилгүй байх;

9.3.2.7    Бусад.

9.4    Шилдэг гишүүн шагнал

9.4.1      “Шилдэг гишүүн” шагнал нь тухайн жилд ОСНМХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон, зохион байгуулсан, идэвх санаачилга, үр бүтээлээрээ ОСНМХ-нд үнэтэй хувь нэмэр оруулсны илэрхийлэл мөн.

9.4.2      “Шилдэг гишүүн” шагналыг олгоход дараах шалгуурыг баримтална. Үүнд:

9.4.2.1  ОСНМХ-ны гишүүнээр элсээд нэгээс доошгүй жил болсон байх;

9.4.2.2  Шагналд тодорхойлогдох үед ёс зүйн зөрчил болон гэмт хэрэгт шалгагдаагүй байх;

9.4.2.3  Гишүүний үүргийн зөрчилгүй байх;

9.4.2.4  Бусад.

9.5    Шилдэг гишүүн байгууллага

9.5.1      “Шилдэг гишүүн байгууллага” шагнал нь тухайн жилд ОСНМХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон, зохион байгуулсан, арга хэмжээг ивээн тэтгэсэн эсхүл зохион байгуулж, үр бүтээлтэй ажилласан нэр хүндийн илэрхийлэл мөн.

9.5.2      “Шилдэг гишүүн байгууллага” шагналыг олгоход дараах шалгуурыг баримтална. Үүнд:

9.5.2.1  ОСНМХ-ны гишүүнээр элсээд гурваас доошгүй жил болсон байх;

9.5.2.2  Шагналд тодорхойлогдох үед ёс зүйн зөрчил болон гэмт хэрэгт шалгагдаагүй байх;

9.5.2.3  Гишүүний үүргийг зөрчилгүй байх;

9.5.2.4  Бусад.

9.6    Шилдэг брэнд

9.6.1    “Шилдэг брэнд” шагнал нь иргэд болон хамт олон, өөрийн ажиллаж буй салбартаа онцгойрч ялгаран шилдгээр тодорсны илэрхийлэл болгон гишүүн байгууллагад олгох шагнал болно.

9.6.2    “Шилдэг брэнд” шагналыг олгоход дараах шалгуурыг баримтална. Үүнд:

9.6.2.1  Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй гурваас дээш жил үйл ажиллагаа явуулсан байх;

9.6.2.2  Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт шинээр брэнд бий болгосон байх;

9.6.2.3  Нийгмийн хариуцлагын хүрээнд нэгээс хоёр ажлыг зохион байгуулж эсхүл оролцсон байх;

9.6.2.4  Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулдаг байх;

9.6.2.5  Шинэ жилийн цэнгүүн зохион байгуулах удирдамжид заасан бусад нөхцөл.

9.7    Онцлох шинэ брэнд

9.7.1  “Онцлох шинэ брэнд” шагнал нь тухайн жилдээ шинээр төрөн гарч, бусад брэндүүдээс онцгойрон ялгарч, үр бүтээлтэй ажилласан нэр хүндийн алдар болгон  гишүүн байгууллагад олгох шагнал болно.

9.7.2    “Онцлох шинэ брэнд” шагналыг олгоход дараах шалгуурыг баримтална. Үүнд:

9.7.2.1  Тухайн онд шинээр төрсөн гарсан брэнд байх;

9.7.2.2  Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулдаг байх;

9.7.2.3  Гишүүний үүргийн зөрчилгүй байх;

9.7.2.4  Шинэ жилийн цэнгүүн зохион байгуулах удирдамжид заасан бусад нөхцөл.

9.8    Ээлтэй ажил олгогч

9.8.1      “Ээлтэй ажил олгогч” шагнал нь ажилчдын хөдөлмөр эрхлэлт, эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд ажиллах нөхцөлөөр хангасан ажил олгогчийг шагнах шагнал болно.

9.8.2      “Ээлтэй ажил олгогч” шагналыг олгоход дараах шалгуурыг баримтална. Үүнд:

9.8.2.1  Улсын бүртгэлийн байгууллагад аж ахуйн нэгжээр бүртгэгдсэн байх;

9.8.2.2  Шинэ ажлын байр бий болгосон, ажлын байраа зургаан сараас дээш хугацаанд тогтвортой хадгалсан байх;

9.8.2.3  Ажил олгогчийн эрх, үүргийг биелүүлдэг байх;

9.8.2.4  Ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх;

9.8.2.5  Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар бүлэг /ажил, амралтын цаг/-ийг мөрдөн ажилладаг байх;

9.8.2.6  Татварын тайлангаа үнэн зөв гаргаж, хугацаанд нь төлсөн байх;

9.8.2.7  Цалин хөлсний нэмэгдэл урамшууллыг хугацаанд нь олгодог байх;

9.8.2.8  Нийгмийн хариуцлагын хүрээнд нэгээс хоёр ажлыг зохион байгуулж эсхүл оролцсон байх;

9.8.2.9  Шинэ жилийн цэнгүүн зохион байгуулах удирдамжид заасан бусад нөхцөл.

9.9    Хүндэт өргөмжлөл

9.9.1      “Хүндэт өргөмжлөл” нь ОСНМХ-ны хөгжил, шинэтгэлд хувь нэмрээ оруулсны илэрхийлэл болгон хамтран ажилладаг байгууллага хамт олныг шагнана.

10      дугаар зүйл. Шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох

10.1  ОСНМХ-ны гишүүн нь өөрийгөө болон бусад гишүүдийг ОСНМХ-ны шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд нэр дэвшүүлэх хүсэлтээ ОСНМХ-нд гаргана.

10.2  ОСНМХ-ны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал болон Мэргэжлийн зөвлөл нь гишүүдийг Энэхүү журмын 5.1 дүгээр зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3 болон 5.1.5-т заасан шагналаар нэр дэвшүүлэхээр санал гаргана.

10.3  Энэхүү журмын 5.1 дүгээр зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3 болон 5.1.5-т заасан шагналуудыг  Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Улс тунхагласны баяруудыг тохиолдуулан, 5.1 дүгээр зүйлийн 5.1.4-т заасан шагналыг Шинэ жилийн баярыг тохиолдуулан тус тус олгоно.

10.4  ОСНМХ-ны шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлсэн гишүүний тодорхойлолтод тухайн гишүүний гаргасан санал санаачилга, түүнийг хэрэгжүүлснээр ОСНМХ-нд өгсөн ашиг тусын талаар тодорхой, үнэн зөв тусгасан байна.

10.5  ОСНМХ-ны шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлж буй тодорхойлолтод дор дурдсан материалыг хавсаргана. Үүнд:

10.5.1   Шагналд нэр дэвшигчийн танилцуулга /1А маягт/;

10.5.2   Ажил байдлын тодорхойлолт;

10.5.3   Хамт олны хурлаар хэлэлцсэн тэмдэглэл;

10.5.4   Шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий албан бичиг;

10.5.5   Түвшин тогтоосон үнэмлэхийн хуулбар;

10.5.6   Цол тэмдгийн хураамж төлсөн дансны хуулбар.

10.6  Шагналд нэр дэвшүүлсэн гишүүний хүсэлтийг тухайн шагналыг олгох баяр, ойн өдөр болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө ОСНМХ-нд ирүүлнэ.

11      дүгээр зүйл. Шагналыг шийдвэрлэх

11.1  ОСНМХ-ны шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлсэн гишүүний материалыг Гүйцэтгэх Захирал хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шагнал олгох эсэх талаар саналыг боловсруулан ОСНМХ-ны Ерөнхийлөгч болон Удирдах Зөвлөлд танилцуулна.

11.2  Энэхүү журмын 5.1 дүгээр зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3 болон 5.1.5-т заасан шагналыг ОСНМХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр, 5.1 дүгээр зүйлийн 5.1.4-т заасан шагналыг ОСНМХ-ны Ерөнхийлөгчийн тушаалаар тус тус олгоно.

11.3  Шагнал бүрийг хувийн дугаар бүхий өргөмжлөл эсхүл үнэмлэх, медалийн хайрцаг дагалдан олгогдоно.

11.4  Шагнал шийдэгдсэн тохиолдолд ОСНМХ-ны шагналын санд нэг бүр .............. төгрөгийн хураамжийг дансаар шилжүүлсэн тохиолдолд олгоно.

11.5  Шагналын хураамжийг ............ банкны .................. дансанд шилжүүлнэ.

11.6  Шагналд нэр дэвшигчдийн бүрдүүлсэн материал нь нэг сарын хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй, архивын баримт болгон хадгална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД

12      дугаар зүйл. Шагналын мэдээллийг бүртгэх

12.1  ОСНМХ гишүүдийн шагналын мэдээллийг бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлнэ.

13      дугаар зүйл. Хориглох зүйл

13.1  ОСНМХ-ны шагналаар шагнагдсан гишүүн болон ОСНМХ дараах үйлдэл хийхийг хориглоно. Үүнд:

13.1.1   ОСНМХ-ны шагналыг хуурамчаар үйлдэх, ашиглах, түүнтэй ижил төрлийн нэр, гадаад байдлаар төстэй шагнал үйлдвэрлэх;

13.1.2   Шагналд зуучлах, шагнал олгосны хариуд бэлэг, шан харамж авах, давуу байдал бий болгох.

14      дүгээр зүйл. Журам хүчин төгөлдөр болох

14.1  Энэхүү журмыг 2022 оны .. дугаар сарын ..-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Холбоо барих

Хаяг: #141, Factory street, 3rd khoroo, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia

Э-Мэйл: info@oyodol.mn

Утас: 7004-0000

Хамтран ажиллагчид

Хамтран ажиллагч - 1

Хамтран ажиллагч - 2

Хамтран ажиллагч - 3

Хамтран ажиллагч - 4

Хамтран ажиллагч - 5

Нийгмийн сүлжээ