Мэдээ, мэдээлэл
                         

ОСНМХ-ны шинэчлэгдсэн үндсэн дүрмийн төслийг танилцуулж байна.

ОЁДЛЫН САЛБАРЫН НЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ

ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Нэгдүгээр зүйл. Ерөнхий зүйл

1.1  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь (цаашид “Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо” гэх) Төрийн бус байгууллагын тухай хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээр, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах, оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны, гишүүддээ үйлчилдэг /ГҮТББ/ хуулийн этгээд байна.

1.2  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь оёдлын салбарын мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоож, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, оёдлын зах зээлийг өргөжүүлэх, хамгаалах, оёдлын салбарын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх болон хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1.3  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны албан нэр нь Монгол хэлээр “Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо ТББ”, товчилсноор “ОСНМХ”, Англи хэлээр “Professional Federation of the Garment Sector NGO” буюу товчилсноор “PFGS” гэж тус тус нэрлэнэ.

1.4  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь өөрийн тамга, цахим хуудас, хэвлэл, банканд харилцах данстай байна.

1.5  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь Удирдах зөвлөлөөс баталсан бэлгэ тэмдэг, албан хэргийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ

1.6  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь гишүүнийхээ бусдын өмнө хүлээх үүргийг, мөн гишүүд нь Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны хүлээх үүргийг тус тус хариуцахгүй бөгөөд шүүх болон арбитрт нэхэмжлэгч, хариуцагчаар оролцоно.

1.7  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах бөгөөд тус холбооны салбарыг аймаг, нийслэл, аймаг дунд, тодорхой бүс нутагт байгуулж болно. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь нийслэл Улаанбаатар хот дах төв салбарын үүргийг давхар гүйцэтгэнэ.

1.8  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны бүртгэгдсэн албан ёсны байршил, шуудангийн хаяг:

Утас:

Факс:

Цахим шуудан:

Веб хаяг:

Хоёрдугаар зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны зорилго, зарчим, алсын хараа, үнэт зүйлс

2.1  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны зорилго нь гишүүн байгууллага, хувь хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар дотоодын зах зээлийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, дэлхийд өрсөлдөх оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийг бүтээлцэх болно.

2.2  Оёдлын Холбооны алсын хараа нь оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн холбоо болоход оршино.

2.3  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

2.3.1     Хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэх, аливаа нам, улс төр, шашны үйл ажиллагаанаас ангид байх, хараат бус, бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй явуулах;

2.3.2     Бүх гишүүдэд эрх тэгш үйлчилж, үйл ажиллагаандаа нийт гишүүдийн оролцоог хангаж ажиллах.

2.4  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь дараах үнэт зүйлийг эрхэмлэн дээдэлдэг. Үүнд:

2.4.1    Хамтын ажиллагаа;

2.4.2    Тогтвортой үндэсний үйлдвэрлэл;

2.4.3    Байгальд ээлтэй.

2.5  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны бизнес загвар нь дараах хэлбэртэй байна. Үүнд:

2.5.1   Гишүүдээ нэгтгэх, чадваржуулах, мэдээллээр хангах, эрх ашгийг нь хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагаануудыг явуулах;

2.5.2   Салбарын бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд оролцож бусад байгууллагуудтай харилцан өгөөжтэй хамтран ажиллах.

Гуравдугаар зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны үйл ажиллагааны чиглэл

3.1  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.1.1      Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны богино, дунд, урт хугацааны мөрийн хөтөлбөр боловсруулахад баримтлах чиг шугамыг салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт, зохицуулалтын хүрээнд боловсруулахад оролцох;

3.1.2      Салбарын техник, технологийн хөгжлийн бодлого боловсруулах, шинэ техник, технологи, инновац, стандартыг улс орныхоо нийгэм, эдийн засаг, салбарын онцлогт тохируулан үе шаттайгаар нутагшуулах асуудлыг шийдвэрлэх;

3.1.3      Салбарын борлуулалтын дотоод зах зээлийг хамгаалах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд баримтлах бодлого боловсруулахад оролцох, хэрэгжилтийг зохион байгуулах;

3.1.4      Салбарын хөгжил, зохицуулалттай холбоотой асуудлаар эрх зүйн баримт бичгийн санал боловсруулах, санал оруулах, батлагдсан эрх зүйн актын хэрэгжилтийг зохион байгуулах;

3.1.5      Салбарын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний норм, норматив, стандарт, дүрэм, журмыг боловсруулах, шинэчлэх, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

3.1.6      Салбарын хүний нөөцийн бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг хамтран зохион байгуулах;

3.1.7      Салбарт хийх гадаадын хөрөнгө оруулалтын бодлого боловсруулахад оролцох, хэрэгжилтийг хангах;

3.1.8      Салбарын хэмжээнд ажиллаж байгаа компани, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн үнэлгээ хийх, ажил мэргэжлээр ангилах, төрөлжүүлэх, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах;

3.1.9      Оёмол бүтээгдэхүүн, монгол хүний бие махбодын онцлог, хэмжээст судалгаа шинжилгээний ажлыг тогтмол хийж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

3.1.10   Дотоод, гадаадад үйлдвэр, худалдааны олон улсын болон төрөлжсөн үзэсгэлэн, яармаг зохион байгуулах, оролцох;

3.1.11   Салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлцлийн хүрээнд төрийн захиргааны зарим чиг үүргийг хэрэгжүүлэх.

Дөрөвдүгээр зүйл. Салбар холбоо

4.1  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэл, аймаг дунд, тодорхой бүс нутагт салбар байгуулан ажиллуулж болно. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь нийслэл Улаанбаатар хотын салбарт холбооны эрх үүргийг давхар гүйцэтгэнэ.

4.2  Аймаг, сум дахь Оёдлын Салбарын Мэргэжлийн Нэгдсэн Холбооны салбар (цаашид “Салбар” гэх) нь Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны үндсэн чиг үүргийг тухайн орон нутагт бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх албан ёсны салбар мөн.

4.3  Салбар байгуулах, татан буулгах асуудлыг Удирдах Зөвлөл шийдвэрлэнэ.

4.4  Салбар байгуулах, татан буулгах, үйл ажиллагааны журмыг Удирдах Зөвлөл батална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ОЁДЛЫН САЛБАРЫН НЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ

Тавдугаар зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны гишүүнчлэл, гишүүний ангилал

5.1  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь гишүүнчлэлтэй байх бөгөөд оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг хуулийн этгээд, хувь хүн нь гишүүн (цаашид “Гишүүн” гэх) байна.

5.2  Оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг аливаа хуулийн этгээд, хувь хүн нь энэхүү Дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр гишүүдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн, гишүүнчлэлийн хураамж төлснөөр гишүүний эрх, үүрэг үүснэ.

5.3  Гишүүдийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.

5.4  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Улаанбаатар хотын салбарт бүртгүүлсэн гишүүнийг төв салбарын гишүүн, орон нутаг дах салбарт бүртгүүлсэн гишүүнийг Салбарын холбооны гишүүн гэнэ.

5.5  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь Хүндэт гишүүнтэй байж болох бөгөөд Хүндэт гишүүн нь тодорхой эрх ямба, хураамжийн хөнгөлөлт, чөлөөлтийг эдлэх эрхтэй.

Гишүүн болон Хүндэт гишүүний эрх, үүрэгтэй холбоотой энэ дүрмээр зохицуулаагүй харилцааг Удирдах Зөвлөлөөс баталсан Гишүүнчлэлийн журмаар зохицуулна.

Зургаадугаар зүйл. Гишүүнчлэлийн хураамж

6.1  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь гишүүний хураамжтай байна.

6.2  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны хураамжийг хувь хүн, аж ахуйн нэгж / аж ахуйн нэгж байх тохиолдолд аж ахуйн нэгжийн хэмжээ, ажилчдын тоо болон жилийн борлуулалтын орлого/ байхаас шалтгаалан дараах байдлаар тогтооно. Үүнд:

6.2.1    Хувь хүн 50,000 /тавин мянга/ төгрөг;

6.2.2    Бичил аж ахуйн нэгж /1-10 хүртэл ажилчинтай, жилийн борлуулалтын орлого нь 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг хүртэлх байх/-ийн хувьд 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг;

6.2.3    Жижиг аж ахуйн нэгж /10-50 хүртэл ажилчинтай, жилийн борлуулалтын орлого нь 300,000,000 /гурван зуун сая/-1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг хүртэлх байх/-ийн хувьд 500,000 /таван зуун мянга/ төгрөг;

6.2.4    Дунд аж ахуйн нэгж /50-250 хүртэл ажилчинтай, жилийн борлуулалтын орлого нь 1,000,000,000 /нэг тэрбум/-2,500,000,000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг хүртэлх байх/-ийн хувьд 1,000,000 /нэг сая/ төгрөг;

6.2.5    Том аж ахуйн нэгж /250-аас дээш тооны ажилчинтай, жилийн борлуулалтын орлого нь 2,500,000,000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгөөс дээш байх/-ийн хувьд 2,000,000 /хоёр сая/ төгрөг;

6.3  Гишүүний хураамжийн хэмжээ, нөхцөл, хөнгөлөлт, чөлөөлөлт, хугацааг Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Их Хурал тогтооно.

6.4  Гишүүний хураамжийг Их Хурлын тогтоосон хугацаанд жил бүр төлнө. Гишүүн өөрөө хүсвэл хураамжийг урьдчилан төлж болно.

Долоодугаар зүйл. Гишүүний эрх, үүрэг

7.1  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны гишүүн нь дараах эрхтэй байна. Үүнд:

7.1.1  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох;

7.1.2  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны удирдлага, бусад албан тушаалд өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох, томилогдон ажиллах, хуульд заасан үндэслэлээр болон өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзах;

7.1.3  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Их Хуралд санал дэвшүүлэх, хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо илэрхийлэх;

7.1.4  Өөрсдийн эрх, ашиг сонирхол, бизнесийн салбар, орон нутгийн харьяалал болон бусад асуудлаар зөвлөл, салбар, хороо, дэд хороо болон зохион байгуулагдаж Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны үйл ажиллагаанд оролцох;

7.1.5  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, бусад шийдвэрийн төслийг санаачлах;

7.1.6  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Удирдах Зөвлөл болон Хяналтын Зөвлөл, бусад удирдах албан тушаалтнуудад санал дүгнэлт, хүсэлт, гомдол гаргах, шуурхай шийдвэрлүүлэх;

7.1.7  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны удирдлага нь гишүүдийн нийтлэг эрх ашигт үл нийцсэн шийдвэр гаргасан эсхүл үйлдэл, эс үйлдэл гаргасан гэж үзвэл нийт гишүүдийн 20 хувь+1 дэмжлэг авснаар Удирдах Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

7.1.8  Хууль, дүрэм, журамд заасан бусад эрх.

7.2  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны гишүүн нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

7.2.1  Гишүүнчлэлийн хувийн мэдээллийг үнэн зөв өгөх;

7.2.2  Гишүүний хураамж төлөх;

7.2.3  Энэхүү Дүрэм болон Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооноос гаргасан журмыг дагаж мөрдөх;

7.2.4  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;

7.2.5  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооноос өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь хариуцлагатай биелүүлэх;

7.2.6  Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоонд учруулсан хохирлыг нөхөн төлөх.

7.2.7  Хууль, дүрэм, журамд заасан бусад үүрэг.

Наймдугаар зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо болон түүний гишүүнд хориглох зүйлс

8.1  Гишүүний үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

8.1.1  Авлига өгөх, авах;

8.1.2  Бусдыг ялгаварлан гадуурхах;

8.1.3  Албадан хөдөлмөр эрхлүүлэх;

8.1.4  Ажлын байрны болон бэлгийн дарамтыг үзүүлэх;

8.1.5  Үгсэн хуйвалдах, цөөнхийн эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулах;

8.1.6  Өөрт эрх олгогдоогүй асуудлаар Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоог төлөөлөх, мэдэгдэл  хийх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх;

8.1.7  Тодорхой албан тушаал эрхэлж буй гишүүний хувьд олж мэдсэн дотоод мэдээлэл эсвэл холбоо болон түүний гишүүн байгууллагын нууцыг задруулахгүй байх.

8.2  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

8.2.1    Авлига өгөх, авах;

8.2.2    Гишүүдийг ялгаварлан гадуурхах;

8.2.3  Албадан хөдөлмөр эрхлүүлэх;

8.2.4  Эрх мэдлийн дарамт үзүүлэх;

8.2.5  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны зорилгод нийцээгүй аливаа үйл ажиллагаа явуулах;

8.2.6  Улс төрийн болон шашны үйл ажиллагаа эрхлэх, сурталчлах;

8.2.7  Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны нэрийн өмнөөс хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Есдүгээр зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны удирдлага

9.1  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны удирдах байгууллага нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

9.1.1  Их Хурал

9.1.2  Удирдах Зөвлөл

9.1.3  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Ерөнхийлөгч

9.1.4  Гүйцэтгэх захирал

Нэгдүгээр дэд бүлэг. Их Хурал

Аравдугаар зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Их Хурал ба түүний бүрэн эрх

10.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны эрх барих дээд байгууллага нь Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны бүх гишүүдээс бүрдсэн Их Хурал байна.

10.2    Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

10.2.1 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

10.2.2 Удирдах Зөвлөлийн гишүүдийн гишүүнийг сонгох, чөлөөлөх;

10.2.3 Хяналтын Зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх;

10.2.4 Удирдах Зөвлөлийн болон Хяналтын Зөвлөлийн гишүүний жилийн урамшууллын хэмжээг тогтоох

10.2.5 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны гишүүний хураамжийн хэмжээ, хураамж төлөх нөхцөлийг тогтоох;

10.2.6 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэх, батлах;

10.2.7 Хяналтын Зөвлөлийн тайланг хэлэлцэх, батлах;

10.2.8 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоог татан буулгах болон татан буулгах комиссыг томилох;

10.2.9 Хууль болон энэ дүрэмд заасан бусад эрх.

Арван нэгдүгээр зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Их Хурлын үйл ажиллагааны хэлбэр

11.1 Их Хурал нь үйл ажиллагаагаа хуралдааны хэлбэрээр явуулах бөгөөд хуралдаан нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна.

11.2 Их Хурлын ээлжит хуралдааныг 3 жилд 1 удаа хуралдуулах бөгөөд хуралдаан товлох жилийг Анхдугаар Их Хурал хуралдсан хугацаанаас хойш тоолно.

11.3 Их Хурлыг зайнаас /мэдээллийн технологи, программ хангамж ашиглан хурлын бүх үйл ажиллагааг цахимаар/ болон хосолсон /танхим болон цахим/ хэлбэрээр зохион байгуулж болно.

11.4 Их Хурлын ээлжит бус хуралдааныг дараах тохиолдолд хуралдуулна. Үүнд:

11.4.1 Холбооны Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;

11.4.2 Удирдах Зөвлөлийн гишүүдийн 40 хувь+1 нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;

11.4.3 Хяналтын Зөвлөлийн гишүүдийн 40 хувь+1 нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;

11.4.4 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны нийт гишүүдийн 40 хувь+1 нь ээлжит бус Их Хурал хуралдуулахыг шаардсан;

11.4.5 Хяналтын Зөвлөлөөс ээлжит бус Их Хурал хуралдуулахыг шаардсан;

11.4.6 Удирдах Зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгvй хувийн санал, шаардлагад үндэслэн Удирдах Зөвлөлийн гишүүдийн 75 хувь+1 буюу дийлэнх олонхын шийдвэрээр ээлжит бус Их Хурал хуралдуулахыг шаардсан.

11.5 Их Хурлын хуралдааныг шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр эсхүл танхимын болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулж болно.

Арван хоёрдугаар зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Их Хурал зохион байгуулах үндсэн зарчим

12.1   Удирдах Зөвлөл нь Их Хурлын хуралдаан болохоос 60-аас доошгүй хоногийн өмнө Их Хурлаар хэлэлцэх асуудалд санал авч буй тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан бүх гишүүдэд мэдээлж, гишүүдийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах саналыг бүртгэж авна.

12.2   Гишүүдээс саналыг авч дууссаны дараа Удирдах зөвлөл нь Их Хурлын хуралдаан болох өдөр, цаг, байршил, хуралдаан явуулах хэлбэр, хэлэлцэх асуудлыг багтаасан Тов тогтоох шийдвэрийг гаргана.

12.3   Удирдах Зөвлөл нь ээлжит болон ээлжит бус Их Хурлын хуралдааны Тов тогтоох шийдвэрийг Их Хурлын хуралдаан эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө өөрийн цахим хуудас болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

12.4   Их Хурлын хуралдаан нь Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны гишүүдийн 50 хувь+1 буюу олонх оролцсон тохиолдолд хүчин төгөлдөр болно.

12.5   Их Хуралын хуралдаанд гишүүн бүр саналын нэг эрхтэй байх бөгөөд саналын эрхийн тоогоор санал өгнө. Их Хуралд оролцож буй гишүүдийн саналын эрхийн 50 хувь+1 буюу олонхын саналаар тогтоол хүчин төгөлдөр болно.

12.6   Их Хурал нь хэлэлцсэн асуудал бүрээр шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Тогтоолд хуралдаан даргалагч гарын үсэг зурж, Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны тамгыг дарна.

12.7   Тооллогын комиссыг Гүйцэтгэх захирлын Ажлын алба зохион байгуулна.

12.8   Их Хурлын тогтоолд өөрөөр заагаагүй бол тогтоол гармагц хүчин төгөлдөр болно.

12.9   Их Хурал хуралдуулах, санал хураалт явуулах, тооллогын комиссын эрх үүрэгтэй холбоотой энэ дүрмээр зохицуулаагүй харилцааг Удирдах Зөвлөлөөс баталсан Их Хурал хуралдуулах журмаар зохицуулна.

Хоёрдугаар дэд бүлэг. Удирдах Зөвлөл

Арван гуравдугаар зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Удирдах Зөвлөл болон түүний бүрэн эрх

13.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Удирдах Зөвлөл нь Их Хурлын чөлөөт цагт Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага болно.

13.2   Удирдах Зөвлөл нь үйл ажиллагааны тайлангаа Их Хуралд тавих бөгөөд Их Хурлаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг биелүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.

13.3   Удирдах Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

13.3.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны бодлогын баримт бичгийг боловсруулж, Их Хуралд танилцуулан шийдвэрлүүлэх;

13.3.2   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

13.3.3   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны зохион байгуулалтын бүтцийг байгуулах, өөрчлөх, татан буулгах;

13.3.4   Мэргэжлийн ёс зүйн дүрэм баталж мөрдүүлэх;

13.3.5   Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, түүний цалингийн хэмжээг тогтоох;

13.3.6   Гүйцэтгэх захирлын Ажлын албаны бүтэц, орон тоог батлах, ажилтнуудын цалингийн хэмжээг батлах;

13.3.7   Байнгын чиг үүргийн хороодын гишүүдийг томилох, чөлөөлөх;

13.3.8   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны төсөв, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, батлах;

13.3.9   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны орон нутаг дахь салбар, нэгжийг байгуулах, татан буулгах;

13.3.10 Байнгын чиг үүргийн хороодын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;

13.3.11Хүндэт гишүүнийг сонгох;

13.3.12Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар гишүүдээс гаргасан өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх, шаардлагатай бол Их Хурлаар хэлэлцүүлэх;

13.3.13Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны зорилго, үйл ажиллагааны зарчим, дүрэм, журмыг  ноцтой зөрчсөний улмаас Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны ажил хэргийн нэр хүндийг унагаасан, хохирол учруулсан гишүүнийг гишүүний бүртгэлээс хасах шийдвэрийг гаргах;

13.3.14Энэхүү Дүрэмд тусгагдсан журмуудыг баталж мөрдүүлэх;

13.3.15Үйл ажиллагааныхаа журмыг баталж мөрдүүлэх;

13.3.16Энэхүү Дүрэм болон батлагдсан журмуудын биелэлтэд хяналт тавина.

Арван дөрөвдүгээр зүйл. Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүн, гишүүний бүрэн эрхийн хугацаа

14.1 Удирдах Зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

14.2  Удирдах Зөвлөлийн гишүүнийг Их Хурал сонгож томилно. Тухайн гишүүнийг Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тухай Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Их Хурлын тогтоол батлагдсанаар бүрэн эрх нь баталгаажна.

14.3  Удирдах Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна.

14.4  Дараах тохиолдолд Удирдах Зөвлөлийн гишүүний бүрэн эрх дуусгавар болно. Үүнд:

14.4.1   Гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

14.4.2   Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөхөөр өөрөө хүсэлт гаргасан;

14.4.3   Удирдах Зөвлөлийн тогтоолоор чөлөөлөгдсөн;

14.4.4   Нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон;

14.4.5   Зургаан сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх эсхүл суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болсон;

14.5   Удирдах Зөвлөлийн гишүүд сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд ээлжит Их Хурлын хооронд Удирдах Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, хасах, нөхөн томилох асуудлыг зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар шийдвэрлэнэ.

14.6 Удирдах Зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

14.6.1 Гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй байх;

14.6.2 Сүүлийн 2 жил мэргэжлийн болон ёс зүйн зөрчилгүй байсан байх;

14.7 Удирдах Зөвлөлийн гишүүний эрх, хүлээх үүрэг, чөлөөлөх, хасах, нөхөн оруулах, урамшуулалтай холбоотой энэ дүрмээр зохицуулаагүй харилцааг Их Хурлаас баталсан Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааны журмаар зохицуулна.

Арван тавдугаар зүйл. Удирдах Зөвлөлийн гишүүний цалин, урамшуулал

15.1Удирдах Зөвлөлийн гишүүний үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрийг урамшуулал хэлбэрээр олгож болох бөгөөд жилийн нийт урамшууллын дээд хэмжээг Их Хурал тогтооно.

15.2 Удирдах Зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй.

Арван зургаадугаар зүйл. Удирдах Зөвлөлийн хурал

16.1   Удирдах Зөвлөл нь үйл ажиллагаагаа хурлын хэлбэрээр явуулах бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

16.2    Удирдах Зөвлөл нь улирал бүрийн эхний сарын сүүлийн долоо хоногт багтаан хуралдана.

16.3    Удирдах Зөвлөлийн хурлыг цахимаар эсхүл цахимаар болон танхимын хосолсон хэлбэрээр явуулж болно.

16.4    Удирдах Зөвлөлийн хурлын огноо, хэлэлцэх асуудлыг багтаасан хурлын зарыг хурал болохоос 7-оос доошгүй хоногийн өмнө Удирдах Зөвлөлийн бүх гишүүдэд хүргэнэ.

16.5    Шаардлагатай тохиолдолд Удирдах Зөвлөлийн хурлыг хялбаршуулсан журмаар хийж болно.

16.6    Удирдах Зөвлөлийн хурал нь бүх гишүүдийн 50 хувь+1 оролцсоноор хүчинтэй байна.

16.7    Удирдах Зөвлөлийн хурлыг Удирдах Зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч даргална. Удирдах Зөвлөлийн дарга даргалах боломжгүй болсон тохиолдолд Удирдах Зөвлөлийн гишүүдийн саналаар даргалагчийг сонгоно.

16.8   Удирдах Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр нь оролцогч гишүүдийн 50 хувь+1 санал нэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

16.9   Удирдах Зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд шийдвэрт Удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

16.10Удирдах Зөвлөлийн хурлыг нээлттэй явуулж, шийдвэрийг Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулж олон нийтэд мэдээлнэ.

16.11 Энэ дүрмийн 16.2-д зааснаас гадна дараах тохиолдолд Удирдах Зөвлөл заавал хуралдана:

16.11.1   Удирдах Зөвлөлийн нийт гишүүдийн 20 хувь+1 шаардлага гаргасан;

16.11.2   Удирдах Зөвлөлийн дарга дангаараа эсхүл Гүйцэтгэх захирлын саналыг Удирдах Зөвлөлийн дарга дэмжиж хурал хийхийг шаардсан;

16.11.3   Хяналтын Зөвлөлөөс хурал хийхийг шаардсан тохиолдолд

16.12  Энэ дүрмийн 16.11-д заасан тохиолдолд Удирдах Зөвлөлийн дарга ажлын 5 өдөрт багтаан Удирдах Зөвлөлийг хуралдуулна.

16.13  Удирдах Зөвлөлийн хуралтай холбоотой энэхүү Дүрмээр зохицуулаагүй асуудлыг Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааны журмаар зохицуулна.

Гуравдугаар дэд бүлэг. Ерөнхийлөгч

Арван долоодугаар зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Ерөнхийлөгч ба түүний бүрэн эрх

17.1   Удирдах Зөвлөлийн дарга нь Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Ерөнхийлөгч /“Ерөнхийлөгч”/  байх бөгөөд Ерөнхийлөгч нь Удирдах Зөвлөлийн хурлын хооронд Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй албан тушаалтан мөн.

17.2   Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

17.2.1   Удирдах Зөвлөлтэй зөвшилцөн Их Хурлыг зарлан хуралдуулах;

17.2.2   Удирдах Зөвлөлийн хуралдааныг даргалах;

17.2.3   Удирдах Зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд саналын эрх эдлэх;

17.2.4   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоог гадаад, дотоод харилцаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх;

17.2.5   Удирдах Зөвлөлөөс олгосон болон энэ Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах;

17.2.6   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;

17.2.7   Гүйцэтгэх удирдлага болон түүний ажлын албанд энэхүү Дүрэм болон гэрээгээр хүлээсэн ажил үүргийн хүрээнд удирдамж, чиглэл өгөх;

17.2.8   Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийг бүрдүүлэх, Удирдах Зөвлөлд оруулах, чөлөөлөх, эгүүлэн татах саналыг гаргах;

Арван наймдугаар зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, тавигдах шаардлага

18.1   Ерөнхийлөгчийг Удирдах Зөвлөлийн гишүүдийн дотроос сонгож, чөлөөлнө.

18.2   Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь Удирдах Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаатай адил буюу 3 жил байх бөгөөд Ерөнхийлөгчийг 1 удаа улируулан сонгож болно.

18.3   Ерөнхийлөгчийг огцруулах, чөлөөлөх, нөхөн томилох, урамшуулал, эрх үүрэг, хариуцлагатай холбоотой асуудлыг Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааны журмаар зохицуулна.   

18.4   Ерөнхийлөгч нь оёдлын салбарын хувьд оёдолчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч болохын хувьд дараах шаардлагыг хангасан байна.

18.4.1  Оёдлын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжилтний хувьд бүрэн танигдсан байх;

18.4.2  Ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил гаргаж байгаагүй байх;

18.4.3  Оёдлын мэргэжлийн үйл ажиллагааг гурваас доошгүй жил эрхэлсэн байх;

18.4.4  Эрүүл мэндийн хувьд харшлах шалтгаангүй байх.

Дөрөвдүгээр дэд бүлэг. Гүйцэтгэх Удирдлага

Арван есдүгээр зүйл. Гүйцэтгэх захирал

19.1   Гүйцэтгэх удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.

19.2   Гүйцэтгэх захирлыг Удирдах Зөвлөл томилох бөгөөд Гүйцэтгэх захирал нь ажлаа Удирдах Зөвлөлийн өмнө тайлагнана.

19.3   Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.

19.4   Гүйцэтгэх захирал нь Гүйцэтгэх захирлын ажлын албатай байж болно.

19.5   Гүйцэтгэх захирал нь ажлын албаны хүний нөөц, Ерөнхий нягтлан бодогчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр томилно.

Хорьдугаар зүйл. Гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хугацаа, тавигдах шаардлага

20.1   Гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хугацааг гэрээгээр зохицуулна.

20.2   Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.

20.3   Гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан этгээд байх Удирдах Зөвлөл Гүйцэтгэх захирлыг  сонгон шалгаруулж томилно. Үүнд:

20.3.1 Дээд боловсролтой байх;

20.3.2 Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;

20.3.3 Багаар ажиллах, шийдвэр гаргах чадвартай байх;

20.3.4 Удирдах ажлыг 3-аас доошгүй жил хашсан ажлынтуршлагатай байх;

20.3.5 Оёдлын үйлдвэрлэл эрхэлдэггүй эсхүл оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэггүй, албан тушаал хашдаггүй байна.

Хорин нэгдүгээр зүйл. Ажлын алба

21.1   Ажлын алба нь Гүйцэтгэх захирлын удирдлага доор Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, бусад бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байна.

21.2   Ажлын албыг Гүйцэтгэх захирал удирдана.

21.3   Ажлын алба нь ажлаа Гүйцэтгэх захирлын өмнө тайлагнана.

21.4   Удирдах Зөвлөл нь Ажлын албаны бүтэц, орон тоог баталж, ажилтнуудын цалингийн хэмжээг батална.

21.5   Ажлын албаны ажилтан нь оёдлын үйлдвэрлэл эрхэлдэггүй, оёдлын үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэггүй этгээд байна.

Хорин хоёрдугаар зүйл. Ажлын албаны чиг үүрэг

22.1   Ажлын алба нь Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

22.1.1 Гүйцэтгэх захирлаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэх;

22.1.2 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны дотоод дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах;

22.1.3 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны хvний нөөц, сургалт хөгжил, ажилтнуудын нийгмийн асуудлыг зохион байгуулах;

22.1.4 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны орон нутаг дах салбарыг арга зүйн удирдлагаар хангах;

22.1.5 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны мэдээлэл, харилцаа, олон нийттэй харилцах асуудлыг эрхлэх;

22.1.6 Оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн нэр, хаягийн лавлагааг бэлтгэж хэвлэх;

22.1.7 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны гадаад хамтын ажиллагааг эрхлэн явуулна.

22.2. Ажлын албаны үйл ажиллагааны журмыг Удирдах Зөвлөл батална.

Тавдугаар дэд бүлэг. Чиг үүргийн хороод

Хорин гуравдугаар зүйл. Чиг үүргийн хороод

23.1Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь Байнгын чиг үүргийн хороо болон Сайн дурын хороотой байна.

23.2 Байнгын чиг үүргийн хороо нь дор дурдсан хороодтой байна:

23.2.1   Мэргэжлийн зөвлөл;

23.2.2   Зөвлөхүүдийн хороо;

23.2.3   Ёс зүйн асуудал болон маргаан шийдвэрлэх хороо байна.

23.3  Удирдах Зөвлөлөөс шинээр Байнгын чиг үүргийн хороодыг байгуулж болно.

23.4  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны гишүүд сайн дураараа нэгдэн Сайн дурын хороог байгуулж болно. Сайн дурын хороог байгуулах, батламжлах журмыг Удирдах Зөвлөл батална.

23.5  Чиг үүргийн хороодын гишүүдийг Удирдах Зөвлөл сонгож, чөлөөлнө.

23.6  Чиг үүргийн хороод нь үйл ажиллагааны тайлангаа Удирдах Зөвлөлийн өмнө тайлагнана.

23.7  Чиг үүргийн хороодын үйл ажиллагааны журмыг Удирдах Зөвлөл баталж мөрдүүлнэ.

Хорин дөрөвдүгээр зүйл. Мэргэжлийн зөвлөл

24.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны дэргэд оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх чиг үүргийг хэрэгжүүлэх Мэргэжлийн зөвлөл ажиллана.

24.2    Мэргэжлийн Зөвлөл нь ажлаа Удирдах Зөвлөлийн өмнө жилд 1 удаа тайлагнана.

24.3    Мэргэжлийн Зөвлөл нь 5-аас доошгүй гишүүнтэй байна.

24.4    Мэргэжлийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 3 жил байна.

24.5    Мэргэжлийн зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

24.5.1 Оёдлын салбарын ажил мэргэжлийн /лавлах/ стандарт боловсруулахад оролцож, санал өгөх;

24.5.2 Оёдлын салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, ур чадварын үнэлгээний шалгуур, сургалтын хөтөлбөр боловсруулах, холбогдох байгууллагаар батлуулахад зөвлөмж өгөх;

24.5.3 Төр, хувийн хэвшлийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын чанар, суралцагч, төгсөгчдийн ур чадварын түвшинд хөндлөнгийн  үнэлгээг зохион байгуулахад оролцох;

24.5.4  Эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, шинэ техник технологийн хөгжилтэй уялдан гарсан шинэ мэргэжлийн баталгаажуулалт хийх санал оруулах, Үндэсний ажил мэргэжлийн ангиллын тодорхойлолт /ҮАМАТ-08/-ыг шинэчлэх асуудлаар холбогдох байгууллагуудтай зөвлөлдөх;

24.5.5 Иргэний өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөх болон мэргэшлийн түвшин ахиулах үнэлгээ хийхэд Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвтэй хамтран ажиллах;

24.5.6 Үнэлгээтэй холбоотой мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, суралцагч, ажилтны хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд мэргэжлийн байр сууринаас санал боловсруулж холбогдох байгууллагад уламжлах;

24.5.7   Үнэлгээний ажилтан, баталгаажуулагчаар бэлтгэх  мэргэжлийн өндөр ур чадвар бүхий инженер техникийн ажилтан сонгон шалгаруулж Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвд санал болгоно.

24.6  Мэргэжлийн Зөвлөл нь оёдлын салбарын хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

24.6.1   Салбарын мэргэжилтэй ажилтны эрэлтийг судалж, хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа, үйлчилгээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

24.6.2   Салбарын хүний нөөц, багш, инженер техникийн ажилтныг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

24.6.3   Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын орчин сайжруулах, суралцагчдыг дадлага хийх боломжоор хангах;

24.6.4   Төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх;

24.6.5   Ажил мэргэжлийн /лавлах/ стандарт, мэргэжлийн боловсрол сургалтын стандарт, хөтөлбөр, тест, даалгаврын сан бүрдүүлэх, судалгааны ажил гүйцэтгэхэд санаачилгатай оролцох;

24.6.6   Мэргэжлийн ур чадварын уралдаан, тэмцээн зохион байгуулна.

24.7 Мэргэжлийн зөвлөлтэй холбоотой энэ дүрмээр зохицуулаагүй асуудлыг Удирдах Зөвлөлөөс баталсан журмаар зохицуулна.

Хорин тавдугаар зүйл. Зөвлөхүүдийн хороо

25.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны дэргэд Удирдах Зөвлөл болон Гүйцэтгэх захирал, Гүйцэтгэх захирлын ажлын албаны ажилтнуудад салбарын хөгжил дэвшил,мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий Зөвлөхүүдийн хороо ажиллана.

25.2   Зөвлөхүүдийн хороо нь 5-аас доошгүй гишүүнтэй байна.

25.3   Зөвлөхүүдийн хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь 3 жил байна.

25.4   Зөвлөхүүдийн хороо нь оёдлын үйлдвэрлэл болон оёдлын салбарын судалгаа шинжилгээний байгууллагад урт хугацаанд үр бүтээлтэй ажилласан болон ажиллаж байгаа эрдэмтэд, удирдах ажилтнууд, нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдэнэ.

25.5   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо дэргэдээ бодлогын асуудлаар дэмжлэг үзүүлэх судалгаа, шинжилгээний бүтэцтэй байж болно. Энэ бүтэц нь Зөвлөхүүдийн багийн удирдлага дор ажиллана.

25.6   Зөвлөхүүдийн хорооны үйл ажиллагаатай холбоотой энэ дүрмээр зохицуулаагүй асуудлыг Удирдах Зөвлөлийн баталсан журмаар зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Хорин зургаадугаар зүйл. Хяналтын Зөвлөл болон түүний бүрэн эрх

26.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны дэргэд Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны гишүүний ёс зүй, хууль дүрэм журмын хэрэгжилт, эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх Хяналтын Зөвлөл ажиллана.

26.2   Хяналтын Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

26.2.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Удирдах Зөвлөл болон түүний гишүүн, Ерөнхийлөгч, Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны бусад удирдах албан тушаалтан, гишүүдийн ёс зүйн асуудалд хяналт таних

26.2.2   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны нягтлан бодох бүртгэл холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэх, санхүү, татварын болон бусад тайлан, санхүүгийн тухайн жилийн төсвийн гүйцэтгэл болон эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалтын үнэн бодит байдалд хяналт тавих;

26.2.3   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны үйл ажиллагааны хяналт, шалгалтыг тогтмол хийх;

26.2.4   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, бусад мэдээлэлд тулгуурлан холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, дотоод мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох саналыг Их Хуралд оруулах;

26.2.5   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны орон нутаг дах салбарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих.

26.2.6   Гишүүдээс ирсэн гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, холбогдох хяналт, шалгалтыг хийх, шийдвэрлэсэн тухай гишүүдэд бичгээр мэдэгдэнэ.

26.3   Удирдах Зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгч, Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны бусад удирдах албан тушаалтнууд Хяналтын Зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг, даалгавар өгөхийг хориглоно.

26.4   Шаардлагатай тохиолдолд Хяналтын Зөвлөл нь Хяналтын Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар тусгайлан шинжээч хөлслөн авч болох бөгөөд зардлыг Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооноос гаргана.

26.5   Хяналтын Зөвлөл үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ дараах бүрэн эрхийг эдэлнэ. Үүнд:

26.5.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо, түүний орон нутаг дахь салбарын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг шалгах, тэдгээрийн үйл ажиллагаанд хамааралтай аливаа баримт бичиг, цахим хэлбэрээр хөтөлсөн бүхий л баримт бичгүүдтэй танилцах, шаардан авах;

26.5.2   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны сар, улирал, жилийн санхүү, татварын болон бусад тайлан, тэнцлийг саадгүй авах, шалгах;

26.5.3   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооноос бусад этгээдтэй байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хэлцлийг зохих журмын дагуу байгуулсан эсэхийг шалгах;

26.5.4   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны хөрөнгө, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд холбогдох баримт бичгүүдийн бүрдэлт, бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, хөдөлгөөнийг шалгах;

26.5.5   Хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байгаа мэдээ, мэдээллийн талаар Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны удирдлага, албан тушаалтан, ажилтнаас тайлбар авах;

26.5.6   Хийсэн шалгалтын ажлын үр дүн, тайланг тухай бүр болон жил бүрийн ажлын тайлангийн хамт бэлтгэн Удирдах Зөвлөлд танилцуулах;

26.5.7   Их Хурлын хооронд Хяналтын Зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын бүхий л үйл ажиллагааны болон Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны ёс зүй, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны талаарх тайланг Их Хуралд танилцуулах;

26.5.8   Үйл ажиллагааныхаа журмыг баталж мөрдүүлнэ.

26.6 Хяналтын Зөвлөлийн гишүүн нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримталж ажиллана. Үүнд:

26.6.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны нэгдмэл эрх, ашиг сонирхлыг нэн Ерөнхийлөгчд тавих;

26.6.2   Үйл ажиллагаагаа хараат бус хэрэгжүүлж, аливаа нөлөөлөлд автахгүй байх;

26.6.3   Үйл ажиллагаандаа үнэн зөв, шударга, бодитой, нээлттэй хандана.

Хорин долоодугаар зүйл. Хяналтын Зөвлөлийн бүрэлдэхүүн

27.1    Хяналтын Зөвлөл нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

27.2    Хяналтын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Их Хурлаас нууцаар санал хурааж олонхын саналаар сонгоно.

27.3    Хяналтын Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна.

27.4   Хяналтын Зөвлөлийн гишүүн нь Зөвлөлийн гишүүний нэгэн адил урамшуулал авч болно. Жилийн урамшууллын дээд хэмжээг Их Хурал тогтооно.

27.5   Хяналтын Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

27.5.1   Эдийн засаг, санхүү, эрх зүйн зохих түвшний мэдлэгтэй байх;

27.5.2   Мэргэжлийн болон ёс зүйн зөрчлийн улмаас хариуцлага хүлээж байгаагүй байх.

27.6 Дараах хүмүүс Хяналтын Зөвлөлийн гишүүнээр сонгогдохыг хориглоно. Үүнд:

27.6.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Ерөнхийлөгч;

27.6.2   Удирдах Зөвлөлийн гишүүн;

27.6.3   Орон нутаг дахь салбарын зохицуулагч;

27.6.4   Гүйцэтгэх захирал

27.6.5   Ажлын албаны ажилтан.

27.7   Дараах нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд Хяналтын Зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос нь өмнө чөлөөлж болохгүй. Үүнд:

27.7.1   Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр хүсэлт гаргасан;

27.7.2   Хяналтын Зөвлөлийн гишүүн нь Удирдах Зөвлөлийн гишүүн болон Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны өөр бусад удирдах албан тушаалд томилогдсон.

ТАВДУГААР БҮЛЭГ. ОЁДЛЫН САЛБАРЫН НЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТ

Хорин наймдугаар зүйл. Санхүүжилтийн эх үүсвэр

28.1 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь дараах эх үүсвэрүүдээс санхүүжнэ. Үүнд:

28.1.1   Гишүүний хураамж;

28.1.2   Сургалт, үзэсгэлэн, уралдаан тэмцээн болон бусад үйл ажиллагаа зохион байгуулсны орлого;

28.1.3   Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, ур чадварын үнэлгээний шалгуур тогтоох үйл ажиллагаанаас олсон орлого;

28.1.4   Байнгын чиг үүргийн хороодын үйл ажиллагаанаас олсон орлого;

28.1.5   Иргэд, гадаадын болон дотоодын байгууллагын хандив;

28.1.6   Төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр, төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө;

28.1.7   Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах болон түрээслүүлснээс олсон орлого;

28.1.8   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны мөнгөн хөрөнгийг банк, банк бус байгууллагад хадгалуулсны хүүгийн орлого;

28.1.9   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооноос гишүүдэд зуучилж гүйцэтгүүлсэн ажлын хөлсний шимтгэл;

28.1.10  Үйлчилгээний орлого байна.

28.2 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй болно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. БУСАД АСУУДАЛ

Хорин есдүгээр зүйл. Лого ашиглалт

29.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны лого нь Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны өмч мөн бөгөөд Оюуны өмчийн тухай хуулиар хамгаалагдана.

29.2   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны лого-г Удирдах Зөвлөлөөр баталгаажуулсан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу ашиглана.

29.3   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны лого-г Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо зорилгод үл нийцсэн, зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.

29.4   Лого ашиглахтай холбоотой энэ дүрмээр зохицуулаагүй асуудлыг Удирдах Зөвлөлөөс баталсан журмаар зохицуулна.

Гучдугаар зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах

30.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болно.

30.2   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Их Хурлын болон Удирдах Зөвлөлийн тогтоол, цаг үеийн асуудлаар гаргасан мэдэгдэл, байр суурийг Ерөнхийлөгч Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоог төлөөлөн илэрхийлнэ.

30.3   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Их Хурлын болон Удирдах Зөвлөлийн тогтоол, цаг үеийн асуудлаар гаргасан мэдэгдэл, байр суурийг Ерөнхийлөгчийн зөвшөөрөлтэйгөөр Гүйцэтгэх захирал болон Удирдах Зөвлөлийн гишүүн Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоог төлөөлөн илэрхийлнэ.

30.4   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцахтай холбоотой энэ дүрмээр зохицуулаагүй асуудлыг Удирдах Зөвлөлөөс баталсан журмаар зохицуулна.

Гучин нэгдүгээр зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны шагнал, урамшуулал

31.1 Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо нь шагнал, урамшуулалтай байж болох бөгөөд шагнал, урамшуулал олгох тухай Удирдах Зөвлөл журам баталж зохицуулна.

Гучин хоёрдугаар зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны дүрэмд өөрчлөлт оруулах

32.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Их Хуралд оролцож буй гишүүдийн 75%+1 буюу дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ.

Гучин гуравдугаар зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоог татан буулгах

33.1   Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны гишүүдийн 75%+1 буюу дийлэнх олонх нь холбоог татан буулгах санал гаргавал Их Хурлаас татан буулгаж болно.

Гучин дөрөвдүгээр зүйл. Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны дүрэм хүчин төгөлдөр болох

34.1   Энэхүү дүрэм нь Их Хурлаар батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

 

---oOo---

 

 

Холбоо барих

Хаяг: #141, Factory street, 3rd khoroo, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia

Э-Мэйл: info@oyodol.mn

Утас: 7004-0000

Хамтран ажиллагчид

Хамтран ажиллагч - 1

Хамтран ажиллагч - 2

Хамтран ажиллагч - 3

Хамтран ажиллагч - 4

Хамтран ажиллагч - 5

Нийгмийн сүлжээ