Мэдээ, мэдээлэл
                         

“МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН ДҮРМИЙН ТӨСӨЛ

 МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ, МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН ТӨВИЙН  ДЭРГЭДЭХ

“МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН ДҮРМИЙН ТӨСӨЛ

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Монгол Улсын Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 20 дугаар зүйл,  Монгол улсын Засгийн Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, холбогдох бусад хууль тогтоомж, “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлэх, үнэлгээг баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”, “Ажил, Мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийг хангах, салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, сургалтын чанар, үр дүнг сайжруулах, салбар дундын  түншлэлийг хөгжүүлэхтэй уялдсан үйл ажиллагааг  мэргэжлийн  зөвлөл /цаашид Зөвлөл гэх/-өөр гүйцэтгүүлэхтэй холбоотой харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.3.  Монголын МБС-ын чанар хүртээмжийг дээшлүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, иргэдийн насан туршдаа сурч боловсрох үйл явцыг дэмжих, албан ба албан бус боловсрол, амьдрах орчноос мэдлэг, ур чадвар эзэмшсэн иргэдийн мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн түвшинг үнэлэх, үнэлгээг баталгаажуулах, жишиг даалгаварын сан бүрдүүлэх, дүгнэлт, зөвлөмж гаргах, МБС-ын агуулга, багшийн хөгжлийг хангахад МБСҮМАЗТ болон Зөвлөлийн хамтын ажиллагааны гол чиглэл болно.

Хоёр. Зөвлөл байгуулах 

2.1. Мэргэжлийн зөвлөл байгуулах  тухай мэргэжлийн холбоодын нэгдсэн хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг аль нэг холбоо нь төлөөлөн албан  хүсэлтээ Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвд  ирүүлнэ.

2.2. Зөвлөлийг эдийн засгийн салбар, бүс, орон нутгийн эрэлттэй тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр байгуулан ажиллуулах бөгөөд гишүүдийг мэргэжлийн холбоод, ажил олгогчдын  саналыг үндэслэн “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлэх, үнэлгээг баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”-ын 4.1.3 дахь заалтыг үндэслэн Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн даргын тушаалаар батална.

Гурав. Зөвлөлийн удирдлага, бүтэц

3.1. Зөвлөл нь мэргэжлийн холбоод, ажил олгогчийн төлөөллөөс бүрдсэн 5-аас доошгүй сондгой тооны гишүүдтэй байх ба төлөөллийн тоог хуралдааны шийдвэрээр тогтооно. 

3.2. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд гишүүдийн 60-аас дээш хувийн ирцтэй хуралдааныг хүчинтэйд тооцно.

3.3. Зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг гишүүдийн олонхийн саналаар 3 жилийн хугацаатайгаар сонгоно. Хуралдааныг зөвлөлийн дарга удирдаж явуулна.

3.4. Зөвлөлийн даргыг өөрийнх нь хүсэлтээр болон зөвлөлийн гишүүдийн 3/4 ийн саналаар үүрэгт ажлаас чөлөөлж болно.

3.5. Зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд хуралдаанаас тогтоол, зөвлөмж гаргаж зөвлөлийн даргын гарын үсгээр  баталгаажуулан  МБСҮМАЗТ-ийн даргаар албажуулна.

3.6. Хуралдааныг улиралд 1 удаа зохион байгуулна. Нарийн бичгийн дарга нь хуралдааны товыг зөвлөлийн даргатай зөвшилцөн тогтооно.

3.7.Хуралдааны тов, хэлэлцэх асуудал, холбогдох материалыг хуралдаан зохион байгуулах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд   хүргүүлнэ. Хурлыг шаардлагатай тохиолдолд тухай бүр зарлан хуралдуулна.

3.7. Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг зөвлөлийн нарийн бичгийн дарга (цаашид “Нарийн бичгийн дарга” гэх)-эрхлэн гүйцэтгэнэ.

3.8. Нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр болон салбарын зөвлөлийн гишүүдийн 3/4-ийн саналаар чөлөөлж болно.

3.9. Зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих /хяналтын зөвлөл/-ийг төрийн захиргааны төв, төрийн захиргаа, хэрэгжүүлэгч байгууллагуудын саналыг авч, тэдгээрийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэйгээр Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвөөс томилно.

3.10. Зөвлөлийн үйл ажиллагааг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв арга зүйгээр ханган, хамтран ажиллана.

Дөрөв. Зөвлөлийн эрх, үүрэг

4.1.              Зөвлөл нь харьяалах салбарын хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх дараах эрх эдэлнэ.  

4.1.1. Ажил мэргэжлийн /лавлах/ стандарт боловсруулахад оролцож,  санал өгөх;

4.1.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, ур чадварын үнэлгээний шалгуур, сургалтын хөтөлбөр боловсруулах, холбогдох байгууллагаар батлуулахад зөвлөмж өгөх;

4.1.3. Төр, хувийн хэвшлийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын чанар, суралцагч, төгсөгчдийн ур чадварын түвшинд хөндлөнгийн  үнэлгээг зохион байгуулахад оролцох;

4.1.4. Эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, шинэ техник технологийн хөгжилтэй уялдан гарсан шинэ мэргэжлийн баталгаажуулалт хийх санал оруулах, Үндэсний ажил мэргэжлийн ангиллын тодорхойлолт /ҮАМАТ-08/-ыг шинэчлэх асуудлаар холбогдох байгууллагуудтай зөвлөлдөх;

4.1.5 Иргэний өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөх болон мэргэшлийн түвшинг ахиулах үнэлгээ хийхэд Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвтэй хамтран ажиллах;

4.1.6 Үнэлгээтэй холбоотой мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, суралцагч, ажилтны хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд мэргэжлийн байр суурьнаас санал боловсруулж холбогдох байгууллагад уламжлах;

4.1.7. Үнэлгээний ажилтан, баталгаажуулагчаар бэлтгэх  мэргэжлийн өндөр ур чадвар бүхий инженер техникийн ажилтанг сонгон шалгаруулж Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвд санал болгох;

4.1.8. Зөвлөлийн дүрэмд нэмэлт санал гаргах, өөрчлөлт оруулах;

4.1.9. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, татан буулгах санал оруулах;

4.2.           Зөвлөл нь харьяалах салбарын хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх дараах  үүрэг хүлээнэ:

4.2.1. Салбарын мэргэжилтэй ажилтаны эрэлтийг судалж, хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа, үйлчилгээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

4.2.2. Салбарын хүний нөөц, багш, инженер техникийн ажилтныг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

4.2.3.  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын орчинг сайжруулах, суралцагчдыг дадлага хийх боломжоор хангах;

4.2.4. Төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх;

4.2.5. Ажил мэргэжлийн /лавлах/ стандарт, мэргэжлийн боловсрол сургалтын стандарт, хөтөлбөр, тест, даалгаврын сан бүрдүүлэх, судалгааны ажил гүйцэтгэхэд санаачилгатай оролцох;

4.2.6. Мэргэжлийн ур чадварын уралдаан, тэмцээн зохион байгуулах;

4.3.  Зөвлөлийн даргын эрх, үүрэг:

 4.3.1. Зөвлөлийг гадаад, дотоодод  итгэмжлэлгүй төлөөлөх;

4.3.2. Зөвлөлийг тэргүүлж, үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;

4.3.3. Зөвлөлийн үйл ажиллагаа болон гишүүдийн талаар гарсан санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;

4.3.4. Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд төрийн бодлого чиглэлийг тусгаж баталгаажуулан, хэрэгжүүлэх, тайлагнах;

4.3.5. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хагас бүтэн жилээр олон нийтэд ил тод мэдээлэх;

Тав.  МБСҮМАЗТ-ийн оролцоо

5.1. Дараах эрх эдэлнэ.

5.1.1. Мэргэжлийн зөвлөлийг сонгон шалгаруулах

5.1.2. Мэргэжлийн зөвлөлийг арга зүйн удирдлагаар хангах

5.1.3. Мэргэжлийн зөвлөлийн дүрэмд заасны дагуу зохион байгуулах үйл ажиллагааны хүрээг тодорхойлох

5.1.4. Мэргэжлийн зөвлөлд олгосон эрх бүхий үйл ажиллагаанд хяналт тавих, хөндлөнгийн баталгаажуулалт хийх

5.1.5. Шаардлагатай тохиолдолд гэрээгээр гүйцэтгэх үйл ажиллагааны эрхийг цуцлах,

5.1.6. Мэргэжлийн зөвлөлд үнэлгээ зохион байгуулах эрх олгох, дүгнэлт гаргах,

 5.2  Дараах үүрэг хүлээнэ.

5.2.1       Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай засгийн газрын тогтоолыг дагаж мөрдөнө.

5.2.2       Эрх шилжүүлэн ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлж, тухайн мэргэжлийн зөвлөлийн хамтран ажиллах чиглэлийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, гэрээ байгуулан ажиллах

5.2.3       Мэргэжлийн зөвлөлийн санаачилсан үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

6.Бусад 

6.1. Зөвлөл үйл ажиллагаандаа “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн үйл ажиллагааны болон зардлын хэмнэлтийг тооцох, зарцуулах, тайлагнах журам”-ыг мөрдөж ажиллана.

6.2. Зөвлөлийн эрхлэх үйл ажиллагаатай холбогдох орлогыг зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар дэмжигдсэн төлөөлөх эрх бүхий төрийн бус байгууллагын дансанд төвлөрүүлнэ.

6.3. Зөвлөлийн дарга нь  зарцуулалтын тайланг тухай бүр зөвлөлийн гишүүд болон олон нийтэд ил тод нээлттэй байлгана.

Зөвлөлийн үйл ажиллагааны болон санхүүгийн зарцуулалтад дүрмийн 3.8 –д заасан эрх бүхий зөвлөл хяналт тавьж ажиллана.

6.4. Гишүүд нь хурал, хэлэлцүүлэг, үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, баталгаажуулах зэрэг нэгдсэн ажиллагаанд 2-3 удаа хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд зөвлөлийн гишүүнээс шууд чөлөөлөгдөх үндэслэл болно.

6.5. Зөвлөлийн үйл ажиллагааг зогсоох, татан буулгах саналыг гишүүдийн 75-аас доошгүй хувь гаргавал Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн даргын тушаалаар татан буулгана.

 

Холбоо барих

Хаяг: #141, Factory street, 3rd khoroo, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia

Э-Мэйл: info@oyodol.mn

Утас: 7004-0000

Хамтран ажиллагчид

Хамтран ажиллагч - 1

Хамтран ажиллагч - 2

Хамтран ажиллагч - 3

Хамтран ажиллагч - 4

Хамтран ажиллагч - 5

Нийгмийн сүлжээ